2026 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсын эдийн засгийн өсөлт 7.6%-д хүрсэн ба энэ нь өмнөх оны мөн үеийн 3.2%-ийн өсөлтөөс үнэмлэхүй сайжирсан үзүүлэлт болж байна.
Ийнхүү өсөхөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад уул уурхай, олборлолтын салбар 32.3%-аар, үйлчилгээний салбар 4.2%-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Салбарын оролцооны хувиар авч үзэхэд нийт эдийн засгийн өсөлтийн 5.1 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 2.3 нэгж хувийг үйлчилгээний салбар бүрдүүлсэн бол удаалж 0.4 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, харин 0.3 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар бий болгожээ. (Голлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр авч үзэхэд өмнөх оны мөн үеэс нүүрсний олборлолт 46.4%-аар, харин зэсийн баяжмалын үйлдвэрлэл 40.9%-аар өссөн байна)
Харин бүтээгдэхүүний цэвэр татвар өмнөх оноос 3.7%-аар буурч эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн ба үүнд суудлын автомашины онцгой албан татвар 59.2%, импортын барааны НӨАТ 4.9%-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Хүснэгт.1 Эдийн засгийн өсөлтөд салбаруудын оролцоо, 2026 оны эхний хоёр сарын байдлаар
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, САЛБАРААР | Оролцоо | Жилийн өсөлт |
ДНБ | 8.6% | |
ХАА | 0.3% | 10.5% |
Уул уурхай, олборлолт | 5.1% | 32.3% |
Үйлдвэрлэл, барилга | 0.4% | 3.3% |
Үйлчилгээ | 2.3% | 4.2% |
Бүтээгдэхүүний цэвэр татвар | -0.5% | -3.7% |
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
2026 оны 4-р сард эдийн засгийн өсөлтийн таамаглал шинэчлэгдлээ.
Хүснэгт.2 Эдийн засгийн шинэчлэгдсэн өсөлтийн таамаглал
| Сүүлд шинэчлэгдсэн | 2026 | 2027 |
Монголбанк | 2025 Dec | 5.8% | 5.6% |
2026 Apr | 5.5% | 6.0% | |
ОУВС | 2025 Oct | 5.5% | 5.5% |
2026 Apr | 5.3% | 5.3% | |
Дэлхийн Банк | 2026 Jan | 5.9% | 5.6% |
2026 Apr | 5.0% | 5.5% | |
Азийн Хөгжлийн Банк | 2025 Sep | 5.7% | 5.7% |
2026 Apr | 5.7% | 6.0% | |
Голомт Банк | 2025 Dec | 5.9% | 4.7% |
2026 Apr | 5.7% | 5.3% |
Дотоодын болон олон улсын томоохон байгууллагуудын шинэчлэгдсэн таамаглалаар Монгол улсын эдийн засгийн өсөлт 2026 оны эцэст дунджаар 5.4%-д хүрэх бол ирэх жил 5.6%-тай гарах хүлээлттэй байна.
Өмнөх улирлын төсөөлөлтэй харьцуулахад 2026 онд эдийн засгийн өсөлтийн таамаглал ийнхүү ялимгүй буурсан бол ирэх жилийн хувьд харьцангуй нэмэгджээ.
Геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалсан олон улсын тогтворгүй нөхцөл байдал шатахууны үнээр дамжиж олон улсад төдийгүй манай улсад инфляцыг хөөрөгдүүлэх, улмаар зардлын сувгаар дамжин нийт үйлдвэрлэл саарах, мөн мөнгөний хатуу бодлого үргэлжилснээр эдийн засгийн өсөлт энэ жил харьцангуй тогтворжих хүлээлттэй байгаа юм.
Дэлхийн банк
Дэлхийн зах зээлд эрчим хүчний үнэ өсөж, Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор геополитикийн тодорхой бус байдал өндөр байгаа ч Монголын эдийн засгийн өсөлт 2026 онд тогтвортой хадгалагдах төлөвтэй байна. Тодруулбал, уул уурхай болон хөдөө аж ахуй салбар тогтворжиж эдийн засаг 5.0 хувиар өсөх хүлээлттэй байна. Харин уул уурхайн бус салбарын үйл ажиллагааг дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлчилгээний салбар дэмжих төлөвтэй. Хувийн хэрэглээ харьцангуй өндөр түвшинд хадгалагдах хэдий ч өндөр инфляц, цалингийн бага өсөлт, бодлогын хатуу төлөв зэрэг нь хувийн хэрэглээний өсөлтийг сааруулах төсөөлөлтэй. Нөгөө талаас, төрийн өмчийн байгууллагууд болон Улаанбаатар хотын төслүүд нь төрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засагт гол түлхэц болохоор байна. Хувийн хөрөнгө оруулалт бизнесийн зээлээр дэмжигдэх ба Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дууссанаар ГШХО саарах төлөвтэй байгаа юм. Дунд хугацаанд (2027-28) дэд бүтцийн томоохон төслүүд болон дотоод эрэлтийн тогтвортой өсөлтийг дагаад, өсөлт дунджаар 5.5 хувь орчим байх төлөвтэй. (Дэлхийн банк, 2026 4-р сар)
Азийн Хөгжлийн Банк
Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдал эдийн засгийн хүлээлтийн муу хувилбарт илүү хазайлгаж байгаа ч суурь төсөөллөөр эдийн засгийн өсөлт 2026 оны эцэст 5.7%, ирэх жил 6.0%-д хүрч эрчимжих хүлээлттэй байна. Хүлээгдэж буй төмөр замын төслүүд болон БНХАУ-ын эрэлт хэвээр хадгалагдах зэргээс шалтгаалж нүүрсний олборлолт сайжрах, мөн Оюу Толгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсөх хүлээлттэй байгаа зэрэг нь уул уурхайн салбараар дамжиж эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байгаа юм. Харин хөдөө аж ахуйн салбар өмнөх жилийн эрчимтэй өсөлтийн дараа хэвийн түвшинд шилжиж эдийн засгийн өсөлтийн 0.5 нэгж хувийг, харин хотын дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдийн хэрэгжилтийн үр дүнд үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарууд эдийн засгийн өсөлтийн 0.8 нэгж хувийг бий болгох юм. Мөн цаашид уул уурхайн салбарын дам нөлөөллөөр тээврийн салбар сэргэх болон аялал жуулчлал нэмэгдэх, гадаад худалдааны аажим сэргэлтийн үр дүнд үйлчилгээний салбарын өсөлт нэмэгдэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна. Харин төрийн үйлчилгээ болон цэвэр татварын өсөлтийн хувь нэмэр дунд хугацаанд саарах хандлагатай байх юм. (Азийн Хөгжлийн Банк, 2026 4-р сар)
