Нүүрс, зэс зэрэг түүхий эдийн экспорт, гадаад худалдаа, санхүүгийн урсгал гээд төлбөрийн тэнцэл дэх үзүүлэлтүүд, валютын нөөцийн түвшин зэрэг нь валютын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөх замаар ханшийн хэлбэлзлийг үүсгэдэг. Төлбөрийн тэнцэл нь урсгал данс, санхүүгийн данс, хөрөнгийн данс гэсэн үндсэн гурван данснаас бүрддэг ба Монгол улсын бусад улс орнуудтай хийж буй хил дамнасан бүхий л гүйлгээг бүртгэдэг юм.
Энгийнээр тайлбарлавал, нүүрс, зэс гэх мэт экспортын орлого нэмэгдэж валютын орлого (урсгал) нэмэгдэх нь барааны дансаар дамжиж урсгал дансанд нөлөөлдөг бол эсрэгээрээ манай улсын иргэд гадаад орноор зорчиж аялал жуулчлалын зардал гаргах нь үйлчилгээний дансаар дамжиж урсгал дансны гарах урсгалыг нэмэгдүүлдэг. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, хувийн сектор болон засгийн газрын бондын санхүүжилт амжилттай хийгдэх зэрэг нь санхүүгийн дансаар дамжиж төлбөрийн тэнцэлд эерэг нөлөөлөл үзүүлдэг билээ.
Монгол улсын зээлжих зэрэглэл сүүлийн хоёр жилд дараалан өсөж 2025 оны 10-р сард S&P байгууллагын үнэлгээгээр BB- түвшинд хүрснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж санхүүгийн дансаар орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт болон бондын санхүүжилт нэмэгдэж буй. (2025 оны 9-р сард Fitch байгууллагаас B+ түвшинд, 10-р сард Moody’s байгууллагаас B1 тогтвортой түвшинд үнэлсэн байна)
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар S&P байгууллага дурдсан байна. Үүнд:
Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт өндөр байсан тул 2022 оноос хойш төсвийн гүйцэтгэл сайжирч, Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа буурлаа.
2025 оны хувьд экспорт саарсан ч уул уурхайн олборлолт, Засгийн газрын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр ирэх 2-3 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт тогтвортой байх хүлээлттэй байна.
Улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа ч 2026, 2027 онд эдийн засаг тогтвортой тэлж, төсвийн алдагдал бага хэмжээнд байх хүлээлттэй байна.
Төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөц, ханш
2025 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр санхүүгийн дансны хуримтлагдсан ашиг 3.3 тэрбум ам.долларт хүрсэн ба үүний 2.6 тэрбум ам.доллар нь гадаадын шууд хөрөнгө оруулалтаар , 833 сая ам.доллар нь багцын хөрөнгө оруулалтаар орж ирсэн бол үлдсэн 128 сая ам.доллар нь бусад хөрөнгө оруулалт, санхүүгийн үүсмэл хэрэгслээр дамжиж орж ирсэн байна.
Харин урсгал дансны хувьд, 2025 оны эцэст гадаад худалдааны ашиг сайжирч 4.4 тэрбум ам.долларт хүрсэнтэй холбоотойгоор барааны дансны ашиг 3.9 тэрбум ам.долларын эерэг нөлөөлөлтэй байсан бол үйлчилгээний данс 2.9 тэрбум ам.долларын алдагдалтай, үүний 1 тэрбум ам.доллар нь аялал жуулчлал, 480 сая ам.доллар нь тээврийн үйлчилгээ, 1.3 тэрбум ам.доллар нь бусад үйлчилгээнээс шалтгаалсан байна. Улмаар урсгал дансны алдагдал 2025 оны эцэст 2.2 тэрбум ам.долларт хүрчээ.
Ийнхүү урсгал дансны алдагдал өндөр хэмжээнд хадгалагдсан ч санхүүгийн дансаар дамжих валютын орох урсгал өндөр байсантай холбоотойгоор оны эцэст төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Төлбөрийн тэнцэл ашигтай гарах нь гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлж ханшийг тогтвортой хадгалахад тусалдаг. Оны эцэст гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээ буюу 7 тэрбум ам.долларт хүрсэн нь төгрөгийн ханш 2025 оны жилийн эцсийн сүүлийн саруудад тогтвортой хадгалагдах, зарим үед чангарахад нөлөөлөлтэй байв.
Харин цаашид?
2026 он гарснаас хойш валютын албан нөөц 6.7 тэрбум ам.долларт хүрсэн буюу дунджаар 8 сарын импортыг хангах хэмжээнд байна. Хэдий валютын нөөц өндөр хэмжээнд хадгалагдаж байгаа ч өмнөх сарын 7 тэрбум ам.доллароос буурч, төгрөгийн ханш өмнөх сараас ялимгүй суларсан байна. Тухайлбал 2026 оны 1-р сарын эцэст нэг ам.доллар 3,564 төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх сараас 7 төгрөгөөр, өмнө оны мөн үеэс 132 төгрөгөөр суларсан үзүүлэлт болжээ.
Цаашид ханшийн хэлбэлзэлд нөлөөлөх томоохон эрсдэл нь манай улсын бондуудын хүлээгдэж буй эргэн төлөлтүүд байх бөгөөд зөвхөн засгийн газрын бондын эргэн төлөлт 2031 он хүртэл нийт 2.5 тэрбум ам.долларт хүрээд буй. Тухайлбал, 2026 онд Монголбанкны Хятадын ардын банктай хийсэн SWAP хэлцлийн хүрээнд үлдэгдэл 6 тэрбум юанийг төлөх хүлээлттэй ба Номад бондын үлдэгдэл 174 сая ам.доллар, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх 1 их наяд төгрөг зэрэг дор хаяж ойролцоогоор 1.3 тэрбум ам.долларын валютын гарах урсгал хүлээгдэж байна. (Зөвхөн Засгийн газрын эргэн төлөлтийг тооцоолов)
Засгийн газрын бондуудын эргэн төлөлтийн хуваарь ойртож буй энэ үед Засгийн газраас дахин бонд гаргахаар ажиллаж байгаа нь тэдгээр бондыг дахин санхүүжүүлэх төлөвийг үүсгээд байгаа юм. Төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх эрсдэл өндөр байгаа тул цаашид Засгийн газраас өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, экспортын орлогыг зөв зохистой удирдах нь дунд болон урт хугацаанд төгрөгийн ханшийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой байхаар байна.
