2026 оны гуравдугаар сарын 18-нд АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve) хоёр дахь удаагаа бодлогын хүүг өөрчлөлгүй 3.5-3.75 хувийн интервалд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. ХНБ-ны Холбооны Нээлттэй Захын Хороо (FOMC) нийт гишүүдийн 11–1 харьцаагаар ийнхүү шийдвэр гаргахад Ираныг тойрсон геополитикийн хурцадмал байдал, газрын тосны үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор АНУ-д инфляц дахин эрчимжих эрсдэл болон эдийн засгийн ирээдүйн төлөвийн тодорхойгүй байдал зэргийг харгалзан үзжээ. [cbsnews.com]
Хоёрдугаар сарын шинэчлэгдсэн статистикаар үйлдвэрлэгчийн үнийн индекс 3.4 хувийн өсөлттэй, хэрэглэгчийн үнийн индекс 2.4 хувийн өсөлттэй буюу инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа юм.
Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэлл хэвлэлийн бага хурлын үеэр “Ойрын хугацаанд болж буй үйл явдлуудын үр дагаврыг үнэлэхэд хэт эрт байна” хэмээн онцолж, Ойрх Дорнодын мөргөлдөөний эдийн засагт үзүүлэх нөлөө тодорхойгүй хэвээр байгаа талаар дурджээ. [cnbc.com]
Цаашлаад Холбооны Нөөцийн Сангаас макро эдийн засгийн төсөөллийг шинэчилсэн ба инфляцыг өмнөх 2.4 хувийн төсөөллөөс өсгөж 2.7 хувь болгосон бол эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 2.3 хувиас 2.4 хувь болгож ялимгүй дээшлүүлсэн байна. [cnbc.com]
Хэдийгээр хүү өсгөхгүй байхаар шийдсэн ч зах зээл болон бодлого тодорхойлогчдын анхаарлын төвд байгаа асуулт бол “энэ онд хүү буурах уу?” гэсэн асуудал бөгөөд 2026 онд бодлогын хүүг нэг удаа 0.25 нэгж хувиар бууруулах хүлээлттэй шинжээчдийн дунд давамгайлж байна.
Харин бодлогын хүүг бууруулах саналыг FOMС хорооны гишүүн Стивен Миран гаргасан бөгөөд тэрээр хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил суларч буйг үндэслэн хүүг 0.25 хувиар бууруулах саналыг дэвшүүлжээ.
Пауэллын хэлснээр, “Хэн ч одоогоор ирээдүйг нарийн тодорхой хэлж чадахгүй” байгаа энэ нөхцөлд ХНБ зах зээлийг огцом савлуулахгүйгээр хамгийн оновчтой шийдвэр гаргахыг зорьж байгаа талаар дурджээ.