Гадаад худалдааны зах зээлийн төлөв
2026 оны 1-р сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны ашиг 906 сая ам.доллар гарч өмнөх оны мөн үеэс 860 сая ам.доллароор буюу 19 дахин өссөн байна. Ийнхүү өсөхөд экспортын голлох түүхий эдүүдийн экспортын орлого өндөр өсөлттэй байснаас гадна импортын зардал буурсан нь голлон нөлөөлжээ. Энэхүү нийтлэлээр гадаад худалдааны зах зээлийн 2025 гүйцэтгэл болон 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн талаар танилцуулахаар бэлтгэлээ.

2025 оны гүйцэтгэл
2025 оны эхний хагас жилд гадаад орчин дахь тодорхойгүй байдлаас үүдэн манай улсын голлох экспортын бүтээгдэхүүний үнүүд буурч, нийт экспортын орлого 17% хүртэл буураад байсан бол сүүлийн хагас жилд нүүрсний экспорт сэргэхтэй зэрэгцээд зэсийн экспортын орлого өндөр өсөлттэй байснаар нийт экспортын орлого өмнө оны түвшинд буюу 15.7 тэрбум ам.долларт хадгалагдлаа. 2025 онд зэсийн экспортын орлого 75%-иар өсөж 5.8 тэрбум ам.долларт хүрснээр нийт экспортын орлогын 37%-ийг бүрдүүлсэн. Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдлын улмаас алтны ханш олон улсын зах зээл дээр тогтмол өссөнөөр алтны экспортын орлого 1.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 38%-иар өсчээ.
Харин нүүрсний экспортын орлого 5.7 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 35%-иар буурсан байна. Хэдийгээр нүүрсний үнийн бууралтаас шалтгаалж нүүрсний экспортын орлого ийнхүү буурсан ч нүүрсний экспортын хэмжээ өмнөх оноос 7.9%-иар өсөж 90 сая тоннд хүрсэн нь түүхэн дээд түвшин боллоо. Ийнхүү нүүрсний экспортын хэмжээ өсөхөд сүүлийн хагас жилд БНХАУ-ын дотоодын нүүрсний үйлдвэрлэл буурч импортын нүүрсний эрэлт нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. 2025 онд Хятадын нүүрсний импорт өмнөх оноос 9.8%-иар буурч 490 сая тоннд хүрсэн ч гол бууралт нь эрчим хүчний нүүрсний импортод ажиглагдсан байна. Тодруулбал, Хятад улсын нийт нүүрсний импортын 120 сая тонн буюу 24.5% нь коксжих нүүрс бол үлдсэн 75.5% нь эрчим хүчний нүүрс байв. Коксжих нүүрсний импорт өмнөх оноос 3.2%--иар буурсан бол эрчим хүчний нүүрсний импорт 12.1%-иар буурсан байна.
2025 онд Манай улсын экспортолсон нүүрсний 60 сая тонн буюу 67% нь коксжих нүүрс бөгөөд Хятадын нийт коксжих нүүрсний импортын 50%-ийг бүрдүүлжээ. Коксжих нүүрс нь нүүрсний агууламж их, удаан шатаж их энерги үүсгэдэг бөгөөд гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрийг хайлуулахад ашигладаг тул үнийн хувьд харьцангуй өндөр байдаг. Манай улсын коксжих нүүрсний хилийн үнэ тонн тутамд 74.1$ байгаа бөгөөд нийт дундаж хилийн үнэтэй харьцуулахад 11.6%-иар, эрчим хүчний нүүрсний хилийн үнээс 77.2%-иар тус бүр өндөр байгаа юм. Цаашлаад 2025 оны эхний хагас жилд манай улс сард дунджаар 6.3 сая тонн нүүрс экспортолсон бол сүүлийн хагас жилд 8.9 сая тонн болж өсчээ.
2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэл
Энэ оны 1-р сард нийт экспортын орлого 72%-иар өсөж 1.7 тэрбум ам.долларт хүрсэн бол нийт импорт 13%-иар буурч 843 сая ам.долларт хүрлээ.
Нийт экспортын орлого өсөхөд зэсийн экспортын орлого 726 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 175%-иар, алтны экспортын орлого 167 сая ам.доллар болж 134%-иар, нүүрсний экспортын орлого 39%-иар өсөж 625 сая ам.доллар болсон нь голлон нөлөөлсөн байна. Зэсийн экспортын орлого өмнөх оны мөн үеэс 462 сая ам.доллароор өсөхөд 61% нь тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалсан бол үлдсэн 39% нь үнийн өөрчлөлтөөс шалтгаалжээ. Алтны экспортын орлогын 95 сая ам.долларын өсөлтийн 41% нь тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалсан бол 59% нь үнийн өөрчлөлтөөс шалтгаалжээ. Харин нүүрсний экспортын орлого үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 113 сая ам.доллароор буурсан бол биет хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалан 290 сая ам.доллароор өссөн байна. Тухайлбал, энэ оны 1-р сард нүүрсний экспортын хэмжээ 10.1 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 74%-иар өссөн бол хилийн үнэ тонн тутамд 63.4 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 22.3%-иар буурсан байна.
Дэлхий нийтээр өсөн нэмэгдэж буй зэсийн эрэлтийг даган олон улсын зах зээл дээрх зэсийн үнийн төсөөлөл өөдрөг хэвээр байна. Зэсийн экспортын орлого өнөөгийн түвшинд хадгалагдвал нийт экспортын орлогод голлох нөлөөг үзүүлэх хүлээлт хэвээр байгаа юм. Түүнчлэн дэлхийн улс орнуудын хуваагдал, геополитикийн зөрчилдөөн, тодорхойгүй байдал үргэлжлэх тохиолдолд алтны ханш өсөлттэй байх төлөвтэй бөгөөд Засгийн газраас алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд авч буй арга хэмжээнүүд амжилттай хэрэгжих тохиолдолд алтны экспортын орлого нэмэгдэх боломжтой юм. Харин нүүрсний биет хэмжээний өсөлт нь өмнөх оны нүүрсний үнийн бууралтыг нөхөж нүүрсний экспортын орлого энэ онд сэргэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Блүүмберг терминал, Монгол банк