Бүтээмж гээч зүйл нь тодорхой цагаар ажиллаж, тохиромжтой хугацаанд амарч чадваас галт уулын халуун лав адил оргилсоор байдаг зүйл билээ. Цөөнгүй судалгаанд 40-50 минут төвлөрч суусан бол 5-10 минут амрах нь хамгийн зөв хэмээн дурджээ.
Тэгвэл манай редакцаас тархиа амраах таван минутад тань төгс тохирох үгэн тоглоомуудтай unread.games-ийг хөгжүүлж байна. Уншигч таны өөрөө ч мэдэлгүй оролцож, үргэлжлүүлэн хөгжүүлэх урам зориг болсоор яваа энэхүү төсөл маань одоогоор 3 үндсэн тоглоомтой. Энэ тухай илүү дэлгэрэнгүйг голын өнгөт нүүрүүдээс уншаарай. Сонирхуулахад, бид энэ сарыг дуустал тоглогчдодоо өдөр бүр өөр өөр бэлэг өгч байгаа шүү.
Энэ дугаарын ярилцлагын зочдоор хүүхдийн унших, бичих чадварыг сайжруулах, төлөвшүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний ажил хийгээд буй “Нэст Эдүкэйшн” сургуулийн тавдугаар ангийн багш нар оролцож буй. Цав цагаан цаас лугаа хүүхдийг “хүн” болоход чухал үүрэгтэй оролцдог гол хүмүүс нь гарцаагүй багш нар юм. Тэдний ажлын онцлог, арга барилын талаар А7 нүүрээс олж мэдээрэй.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй, шинжлэх ухаан сонирхогчдын хамгийн том цугларалт “SciCon 2026” энэ сарын 17-ны өдөр болно. Энэ жилийн сэдэв нь Үлэг гүрвэл. Сониноос, арга хэмжээнд зөвхөн Монголоос олддог таван үлэг гүрвэлийн олдвор дэглэгдэх аж. Амжиж тасалбараа аваарай.
Мөн хагас жил тутам хэвлэгдэн гардаг “Гэж Юу Вэ?” сэтгүүлийн гурав дахь дугаар энэ номын баярын өдрүүдээр уншигч таны гарт хүрнэ. Та бүхэн Unread-ийн асраар зочилж, бидний эрхлэн гаргасан хэвлэмэл бүтээлүүдийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой. Сэтгүүлийн агуулгатай холбоотой мэдээллийг А13 нүүрээс уншаарай.
Эл дугаарын бас нэгэн онцлох агуулга нь Лондонгийн марафонд 1 цаг 59 минут 30 секундэд барианд орж, хүн төрөлхтний түүхэн дээд амжилт тогтооход гүйлтийн гутал ямар үүрэг гүйцэтгэсэн талаарх нийтлэл. Дэлхийн рекордын цаана чимээгүйхэн өрнөх гүйлтийн технологийн өрсөлдөөний тухай А11-ээс уншаарай.
Ингээд сониныхоо 89 дэх дугаарыг тухлан сууж, таалан уншаарай.
Дугаарын эрхлэгч,
Мажигаа