2025 онд дэлхийн геополитикийн тодорхой бус байдал, ам.долларын сулралт зэргээс шалтгаалж хөрөнгө оруулагчид болон дэлхийн төв банкнууд хөрөнгө оруулалтаа тараан байршуулж, алтны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүллээ. Үүнээс гадна алтны онцлог хэв шинжээс хамааран эрэлтийг бүрдүүлэгч олон хүчин зүйлүүд ханшийн өсөлтөд нөлөөлсөн байна. Улмаар алтны хувьд түүхэнд байгаагүй өндөр өсөлттэй жил боллоо.
2025 онд дэлхийн алтны эрэлт анх удаа 5000 тонн давж, 53 удаа түүхэнд дээд үнээ шинэчилснээр үнэлгээ нь 555 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 45%-аар өссөн байна. 2024 онд 4.9 мянган тонн алтыг 382 тэрбум ам.доллароор арилжаалж байсан бол 2025 онд нийт 4.5 мянган тонн алт нийт 467 тэрбум ам.доллароор арилжаалагдсан гэсэн урьдчилсан мэдээг Дэлхийн алтны зөвлөл (WGS) гаргасан байна. Биет хэмжээгээр буурсан боловч үнийн өсөлтөөс шалтгаалан нийт арилжааны хэмжээ ийнхүү өсжээ.
2025 оны эцэст дэлхийн төв банкнуудын алтны нөөц 36,535 тн болж өмнөх оноос 2.4%-иар өссөн байна. Энэ нь дэлхийн нийт гадаад валютын нөөцийн 29.2%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 орчим нэгж хувиар нэмэгджээ. Дэлхийд алтны нөөцөөр АНУ, Герман, Итали, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнууд тэргүүлдэг бөгөөд эдгээр улсуудын гадаад валютын нөөцөд эзлэх алтны хувь хэмжээ 80%-иас дээш байна. Харин Хятад, Энэтхэг зэрэг улсууд топ 10 улсад багтдаг ч гадаад валютын нөөцөд эзлэх хувь харьцангуй бага буюу тус бүр 9.6% болон 19.4% байна.
2025 онд хөрөнгө оруулалтын идэвх нэмэгдсэн нь алтны эрэлт түүхэн дээд түвшинд буюу 5,000 тонн-д хүрэхэд голлон нөлөөллөө. Дэлхийн алтны ETF сангийн эзэмшил 801 тонноор нэмэгдэж, түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр жил болсон бол алтны гулдмай болон зоосны худалдан авалт сүүлийн 12 жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ. Мөн төв банкнууд 863 тонн алт худалдан авсан нь 2025 оны нийт эрэлтийн 17%-ийг бүрдүүлжээ. Хэдийгээр төв банкнуудын алтны худалдан авалт өндөр хэвээр байгаа ч өмнөх жилүүдээс саарсан байна.
Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрсэнтэй холбоотойгоор үнэт эдлэлийн эрэлт буурах хүлээлттэй байсан ч дэлхийн үнэт эдлэлийн зах зээлийн үнэлгээ 18%-иар өсөж 172 тэрбум ам.долларт хүрсэн нь алтны үнэт эдлэлийн эрэлт тогтвортой байсныг илтгэж байна. Харин технологийн салбар дахь алтны хэрэглээ электроникийн зах зээлд саарсан ч хиймэл оюун ухаантай холбоотой технологийн хэрэглээ өссөнөөр тогтвортой хэвээр байжээ.
2025 онд манай улс нийт 10.8 тонн алт экспортолж 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 341.6 (38.0%) сая ам.доллароор өссөн ч, биет хэмжээгээр 855.5 (7.3%) кг-аар буурсан дүн болж байна. Улмаар алтны экспортын орлого нийт экспортын орлогын 7.6%-ийг бүрдүүлж байна. Мөн алтны экспортын 87.4 хувийг Швейцар, 8.8 хувийг Америк улс руу тус тус экспортолжээ.
Сүүлийн жилүүдэд алтны экспортын хэмжээ бууралттай байгаа бөгөөд 2025 онд 10.8 тонн хүрч өмнөх оноос 7.3%-иар буурсан нь 2020 оны түвшнээс даруй 20 сая тонн-р бага байна. Тиймээс Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Алт-3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, алтны олборлолт салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Алт-3 хөтөлбөр хэрэгжсэнээр дунд хугацаандаа 45 алтны үндсэн ордын нийт 129.4 тонн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тушаах алтны хэмжээ жилд 10 тонноор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энэ нь одоогийн ханшаар ойролцоогоор нэг тэрбум ам.доллар болох юм. Түүнчлэн Засгийн газраас 2026 онд алтны экспортын биет хэмжээг 20 сая тонн-д хүргэхээр зорьж байна.
026 он АНУ-ын худалдааны бодлогын түүхэнд онцгой байр суурь эзлэх жил боллоо. Хэдийгээр олон улсын анхаарал тарифын хэмжээ, аль улс хэдэн хувийн татвар төлөх вэ гэдэгт төвлөрч байсан ч бодит маргаан нь худалдааны тухай бус, харин АНУ-ын төрийн эрх мэдлийн хуваарилалтын тухай байв. Ерөнхийлөгчийн эрх мэдэл хаана хүрч дуусах, Конгрессын бүрэн эрх хаанаас эхлэх вэ гэсэн асуулт эцэстээ АНУ-ын Дээд шүүхийн түвшинд хүрч, олон зуун тэрбум долларын худалдаанд нөлөөлсөн түүхэн шийдвэрээр төгссөн юм.
2025 онд Дональд Трампын засаг захиргаа Хятад, Канад, Мексик болон бусад улсын импортод тариф ногдуулахдаа International Emergency Economic Powers Act (IEEPA) буюу үндэсний онцгой байдлын үеийн ерөнхийлөгчийн эрх мэдлийг зохицуулдаг хуулийг ашигласан. Засгийн газрын зүгээс хууль бус цагаачлал, фентанилын наймаа болон худалдааны алдагдал нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт онцгой эрсдэл учруулж байгаа тул ийм арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байлаа. Гэвч импортлогч компаниуд болон бизнесийн байгууллагууд үүнтэй санал нийлэхгүй байсан юм. Тэдний байр суурь энгийн байлаа. АНУ-ын Үндсэн хуулиар татвар, тариф тогтоох үндсэн эрх мэдэл Конгресст хадгалагддаг бөгөөд IEEPA хуульд ерөнхийлөгчид тариф ногдуулах эрхийг тодорхой олгоогүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, асуудал нь тариф зөв эсвэл буруу байсан тухай биш, харин түүнийг тогтоох эрх хэнд байсан тухай маргаан байсан юм.
Энэ маргаан 2026 оны 2 дугаар сарын 20-нд эцэслэгдэж, АНУ-ын Дээд шүүх 6:3 саналын харьцаагаар IEEPA хуулийг ашиглан тариф ногдуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргав. Шүүхийн дүгнэлтээр тариф нь үндсэндээ татварын нэг хэлбэр бөгөөд Конгресс ийм эрх мэдлийг ерөнхийлөгчид тодорхой бөгөөд шууд байдлаар шилжүүлээгүй нөхцөлд гүйцэтгэх засаг дангаараа тариф тогтоох боломжгүй гэж үзжээ. Түүнчлэн IEEPA-д буй "импортыг зохицуулах" эрх нь "тариф тогтоох" эрхтэй адил утга агуулаагүй гэж тайлбарласан байна.
Хэдий шүүхийн шийдвэр Трампын бодлогын эсрэг гарсан ч энэ нь Трампын тарифын бодлогыг бүрэн зогсоож чадсангүй. Цагаан ордон маш богино хугацаанд өөр эрх зүйн гарц хайж, Trade Act of 1974-ийн Section 122 заалтыг ашиглан шинэ тарифын дэглэм нэвтрүүлсэн. Уг заалт нь төлбөрийн тэнцлийн ноцтой асуудал үүссэн үед ерөнхийлөгчид түр хугацааны импортын нэмэлт татвар ногдуулах эрх олгодог боловч хамгийн ихдээ 150 хоногийн хугацаатай байдаг онцлогтой. Ийнхүү IEEPA-аар хэрэгжүүлж байсан тарифуудыг орлуулсан шинэ тариф 2026 оны 2 дугаар сарын 24-нөөс мөрдөгдөж эхэлжээ.
Гэвч энэ нь зөвхөн түр зуурын шийдэл бөгөөд хуулийн дагуу 150 хоногийн хугацаа дуусмагц Section 122-ын хүрээнд хэрэгжсэн тарифууд 2026 оны 7 дугаар сарын 24-нд дууссан. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн шийдвэрийн дараа засаг захиргаа тарифын бодлогоо үргэлжлүүлэхийг оролдсон ч хууль эрх зүйн хязгаарлалттай тулгарч, тарифын асуудал дахин Конгрессын оролцоог шаардах нөхцөл үүссэн юм.
Эдийн засгийн утгаараа энэ үйл явдал зөвхөн тарифын хувь хэмжээний тухай асуудал байсангүй. Харин дэлхийн хамгийн том эдийн засагт худалдааны бодлогыг хэн тодорхойлох вэ гэсэн институцийн асуудал байлаа. Дээд шүүхийн шийдвэр нь ерөнхийлөгчийн худалдааны бодлогын хүрээг хумиж, Конгрессын үүрэг оролцоог дахин тодотгосон чухал жишээ болсон юм.
Дээд шүүхийн шийдвэр болон Section 122 тарифын хугацаа дууссанаар АНУ-ын тарифын бодлого сулрах мэт харагдсан ч бодит байдал дээр Вашингтон илүү тогтвортой эрх зүйн үндэслэл бүхий шинэ тарифын тогтолцоог гаргаж ирсэн. 2026 оны 7 дугаар сарын 24-нд түр хугацааны Section 122 тариф хүчин төгөлдөр бус болсны дараа АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар (USTR) Section 301-ийн хүрээнд шинэ тарифуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Шинэ дэглэм нь дэлхийн 60 орчим худалдааны түншийг хамарч, ихэнх улсын импортод 10-12.5 хувийн нэмэлт тариф ногдуулсан бөгөөд өмнөх түр хугацааны зохицуулалтыг урт хугацааны бодлогоор солих зорилготой байв. Энэ нь АНУ-ын худалдааны бодлогод чухал эргэлт болсон юм. Өмнөх тарифууд үндэсний онцгой байдлын эрх мэдэлд тулгуурлаж байсан бол шинэ зохицуулалт нь USTR-ийн албан ёсны мөрдөн шалгалт, олон нийтийн хэлэлцүүлэг, шийдвэр гаргах процессыг дамжсан тул хууль зүйн хувьд илүү бат бөх үндэслэлтэй болжээ. Ийнхүү Дээд шүүхийн шийдвэрээр ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдсан ч тарифын бодлого өөрөө үргэлжлэн хэрэгжих шинэ суурь бүрдсэн байна.
Энэхүү шинэ дэглэм нь 60 орчим худалдааны түнш улсыг хамарч, импортын бараанд 10-12.5 хувийн нэмэлт тариф ногдуулсан ба үүний зэрэгцээ АНУ Бразилийн зарим бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт тариф ногдуулж, Канадтай хийсэн худалдааны хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа олон нэр төрлийн Канадын бараанд 50 хувийн тариф хэрэгжүүлэх шийдвэр гаргав.
Ингэснээр Дээд шүүх ерөнхийлөгчийн өмнөх тарифын эрх мэдлийг хязгаарласан ч АНУ худалдааны хамгаалалтын бодлогоо шинэ эрх зүйн механизм ашиглан үргэлжлүүлсэн бөгөөд энэхүү шинэ тарифууд мөн дахин шүүхийн маргааны сэдэв болсоор байна.
Эх сурвалж:
https://dclcorp.com/blog/news/new-section-301-tariffs-2026/
https://www.congress.gov/crs_external_products/LSB/PDF/LSB11398/LSB11398.1.pdf