2025 онд дэлхийн геополитикийн тодорхой бус байдал, ам.долларын сулралт зэргээс шалтгаалж хөрөнгө оруулагчид болон дэлхийн төв банкнууд хөрөнгө оруулалтаа тараан байршуулж, алтны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүллээ. Үүнээс гадна алтны онцлог хэв шинжээс хамааран эрэлтийг бүрдүүлэгч олон хүчин зүйлүүд ханшийн өсөлтөд нөлөөлсөн байна. Улмаар алтны хувьд түүхэнд байгаагүй өндөр өсөлттэй жил боллоо.
2025 онд дэлхийн алтны эрэлт анх удаа 5000 тонн давж, 53 удаа түүхэнд дээд үнээ шинэчилснээр үнэлгээ нь 555 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 45%-аар өссөн байна. 2024 онд 4.9 мянган тонн алтыг 382 тэрбум ам.доллароор арилжаалж байсан бол 2025 онд нийт 4.5 мянган тонн алт нийт 467 тэрбум ам.доллароор арилжаалагдсан гэсэн урьдчилсан мэдээг Дэлхийн алтны зөвлөл (WGS) гаргасан байна. Биет хэмжээгээр буурсан боловч үнийн өсөлтөөс шалтгаалан нийт арилжааны хэмжээ ийнхүү өсжээ.
2025 оны эцэст дэлхийн төв банкнуудын алтны нөөц 36,535 тн болж өмнөх оноос 2.4%-иар өссөн байна. Энэ нь дэлхийн нийт гадаад валютын нөөцийн 29.2%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 орчим нэгж хувиар нэмэгджээ. Дэлхийд алтны нөөцөөр АНУ, Герман, Итали, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнууд тэргүүлдэг бөгөөд эдгээр улсуудын гадаад валютын нөөцөд эзлэх алтны хувь хэмжээ 80%-иас дээш байна. Харин Хятад, Энэтхэг зэрэг улсууд топ 10 улсад багтдаг ч гадаад валютын нөөцөд эзлэх хувь харьцангуй бага буюу тус бүр 9.6% болон 19.4% байна.
2025 онд хөрөнгө оруулалтын идэвх нэмэгдсэн нь алтны эрэлт түүхэн дээд түвшинд буюу 5,000 тонн-д хүрэхэд голлон нөлөөллөө. Дэлхийн алтны ETF сангийн эзэмшил 801 тонноор нэмэгдэж, түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр жил болсон бол алтны гулдмай болон зоосны худалдан авалт сүүлийн 12 жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ. Мөн төв банкнууд 863 тонн алт худалдан авсан нь 2025 оны нийт эрэлтийн 17%-ийг бүрдүүлжээ. Хэдийгээр төв банкнуудын алтны худалдан авалт өндөр хэвээр байгаа ч өмнөх жилүүдээс саарсан байна.
Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрсэнтэй холбоотойгоор үнэт эдлэлийн эрэлт буурах хүлээлттэй байсан ч дэлхийн үнэт эдлэлийн зах зээлийн үнэлгээ 18%-иар өсөж 172 тэрбум ам.долларт хүрсэн нь алтны үнэт эдлэлийн эрэлт тогтвортой байсныг илтгэж байна. Харин технологийн салбар дахь алтны хэрэглээ электроникийн зах зээлд саарсан ч хиймэл оюун ухаантай холбоотой технологийн хэрэглээ өссөнөөр тогтвортой хэвээр байжээ.
2025 онд манай улс нийт 10.8 тонн алт экспортолж 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 341.6 (38.0%) сая ам.доллароор өссөн ч, биет хэмжээгээр 855.5 (7.3%) кг-аар буурсан дүн болж байна. Улмаар алтны экспортын орлого нийт экспортын орлогын 7.6%-ийг бүрдүүлж байна. Мөн алтны экспортын 87.4 хувийг Швейцар, 8.8 хувийг Америк улс руу тус тус экспортолжээ.
Сүүлийн жилүүдэд алтны экспортын хэмжээ бууралттай байгаа бөгөөд 2025 онд 10.8 тонн хүрч өмнөх оноос 7.3%-иар буурсан нь 2020 оны түвшнээс даруй 20 сая тонн-р бага байна. Тиймээс Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Алт-3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, алтны олборлолт салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Алт-3 хөтөлбөр хэрэгжсэнээр дунд хугацаандаа 45 алтны үндсэн ордын нийт 129.4 тонн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тушаах алтны хэмжээ жилд 10 тонноор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энэ нь одоогийн ханшаар ойролцоогоор нэг тэрбум ам.доллар болох юм. Түүнчлэн Засгийн газраас 2026 онд алтны экспортын биет хэмжээг 20 сая тонн-д хүргэхээр зорьж байна.