Сүүлийн жилүүдэд тариф болон Artificial Intelligence (AI) салбарын нөлөө хөрөнгийн зах зээлд чухал нөлөө үзүүлж байна. Тодорхой бус байдал, хиймэл оюун ухааны салбарын орлогын хүлээлт, мөнгөний бодлогын эерэг хүлээлт зэрэг хүчин зүйлс зэрэг нөлөөлж буй энэ үед хөрөнгө оруулалт хийх тохиромжтой үеийг ямар шалгуураар тодорхойлох вэ?
Онолын болон судалгаанд үндэслэн хөрөнгийн зах зээлд орох тохиромжтой үе нь зах мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, зах зээлийн хөрвөх чадвар нэмэгдэж буй мөчлөгийн үед байна. Тухайлбал Төв банкны баланс өсөхтэй зэрэгцэн бодлогын хүү буурч байгаа эсвэл буурах хүлээлттэй үе болохыг тодорхойлжээ (Ruman, 2021). Тиймээс хөрөнгө оруулагчид зах зээлийн бусад хүчин зүйлсээс гадна Төв банкны бодлогод суурилан хөрөнгө оруулах тааламжтай үеийг тодорхойлох боломжтой байна.
АНУ-н Холбооны нөөцийн сан нь ажил эрхлэлтийг дэмжих, үнийн тогтвортой байдлыг хангах гол зорилгоор санхүүгийн системийн гол хүү болох Фед бодлогын хүү болон Төв банкны эзэмшиж буй урт хугацаат хөрөнгийн хэмжээг өөрчлөх замаар мөнгөний бодлогыг хэрэгжүүлж болдог.
Фед бодлогын хүү бол банк хоорондын нэг өдрийн зээлийн хүүгийн зорилтот интервалыг илтгэх бөгөөд энэ нь шууд богино хугацааны зээлийн өртөг болон банкнуудын суурь хүүд (prime rate) нөлөөлдөг. Түүнчлэн фед бодлогын хүү нь моргейж, урт хугацаат зээл болон хадгаламжийн хүүд шууд бусаар нөлөөлөх бөгөөд эдгээр нь өрхийн хэрэглээ, компаниудын санхүүжилт болон ирээдүйн хүлээлтийг тодорхойлох гол хүчин зүйл болдог байна. Санхүүжилтийн өртөг буюу хүүгийн түвшин буурах нь компаниудын хорогдуулах хүүг бууруулж, ирээдүйн мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийг өсгөн, хувьцааны үнэд эерэг нөлөөлөх хандлагатай.
Богино хугацааны санхүүжилтын өртөг буурах - Ирээдүйн хүүний хүлээлтийг бууруулж, урт хугацааны хүүд шууд бусаар нөлөөлөх - Хөрөнгийн хорогдуулах хүүг бууруулах - хөрөнгийн үнэлгээг өсгөх - Хөрөнгийн зах эерэг нөлөө
Түүнчлэн Фед нь балансыг удирдах буюу эзэмшиж буй хөрөнгөө нэмэгдүүлэх, бууруулах эсэх шийдвэрээр санхүүгийн зах зээлд нөлөөлдөг байна. Засгийн газрын үнэт цаас эсвэл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг зах зээлээс худалдан авч хөрөнгөө нэмэгдүүлэх нь тэдгээрийн үнийг нэмэгдүүлж, өгөөжийг бууруулах зорилготойг илтгэх бөгөөд энэ нь мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж буй дохио болно. Энэхүү балансын удирдлага нь хөрөнгийн хэмжээ болон хорогдуулалтын өртөгт шингэх замаар зах зээлд нөлөө үзүүлдэг
Үнэт цаасны үнийг өсгөх, өгөөж буурах - Өрхийн болон компаниудын хөрөнгийг нэмэгдүүлэх - Хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх - Ирээдүйн өсөлт болон компанийн ашгийн хүлээлтийг нэмэгдүүлэх - Хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлөх
Бодлогын хүүний түвшин болон Фед балансын хэмжээ:
Бодлогын хүү бага, Фед балансын хэмжээ бага – Бусад хүчин зүйлийг авч үзэх, ажиглах
Бодлогын хүү бага, Фед балансын хэмжээ их – Хөрвөх чадвар их /хөрөнгө оруулахад тааламжтай/
Бодлогын хүү их, Фед балансын хэмжээ бага – Хөрвөх чадвар бага /хөрөнгө оруулахад тааламжгүй/
Бодлогын хүү их, Фед балансын хэмжээ их – Бусад хүчин зүйлийг авч үзэх, ажиглах
Дээр дурьдсанчлан бодлогын хүү бага харин Фед балансын хэмжээ өндөр байх үед хөрвөх чадвар өндөр байх буюу хөрөнгө оруулалт хийхэд тааламжтай үе, харин эсэргээрээ бодлогын хүү өндөр болон Фед баланс хэмжээ бага байх үед хөрвөх чадвар бага байх буюу хөрөнгө оруулахад тааламжгүй үе хэмээн харагдаж байна.
Тэгвэл бодлогын хүү болон Фед балансын хэмжээ зэрэг өсөлтийн эсвэл бууралтын үед байхад хөрөнгө оруулалтын шийдвэрийг яаран хийлгүй бусад хүчин зүйлүүдийг ажиглан хүлээх нь тохиромжтой.
Бодлогын хүү болон Фед балансын хэмжээ аль аль нь 2023 оноос өнөөдрийг хүртэл бууралтыг үзүүлж байна. 2025 онд Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 2 удаа бууруулсан бол Фед баланс хэмжээ 211 тэрбум ам.доллараар буурсан. Тэгвэл шинжээчдийн таамаглаж буйгаар 2026 онд Фед бодлогын хүүг 2-3 удаа бууруулах хүлээлттэй байна.
Иймд бодлогын хүү болон Фед баланс ижил бууралтын үедээ явж байгаа буюу бусад хүчин зүйлсийг ажиглан дүгнэж хөрөнгө оруулалтаа hold (өөрийн эзэмшиж буй хувьцааг зарахгүй, дансан дээрээ барих) хийх, худалдан авах гэж буй хөрөнгө дээр дахин нэмэлт судалгаа шинжилгээг хийх нь тохиромжтой.
Энэхүү нийтлэлээр бид хөрөнгийн зах зээлд богино хугацааны хэлбэлзэл бус, харин бодлогын хүү, Федийн балансын хэмжээ зэрэг суурь индикаторуудын нийлмэл нөлөөг анхаарах шаардлагатайг онцоллоо.2023 оноос хойш эдгээр хоёр үзүүлэлт зэрэг буурч буй нь зах зээл дунд хугацаанд шилжилтийн төлөвт орсныг илтгэнэ. Тиймээс хөрөнгө оруулагчид үнийн огцом өсөлт хүлээн түргэн шийдвэр гаргах бус, харин мөнгөний бодлогын чиг өөрчлөгдөх мөчийг анхааралтай ажиглах нь зүйтэй.
2026 онд Фед бодлогын хүүг шат дараатай бууруулах төлөвтэй байгаа нь урт хугацааны хөрөнгө оруулалтын боломжууд нэмэгдэх суурь нөхцөл болж чадна. Гэсэн ч Фед баланс бууралт үргэлжилж болзошгүй тул зах зээлийн хөрвөх чадвар бүрэн сайжраагүй хэвээр байна. Ийм орчинд хөрөнгө оруулагчдын оновчтой стратеги нь богино хугацааны мэдээнд хэт хариу үйлдэл үзүүлэхээс зайлсхийж, харин макро индикаторуудын уялдаа, салбарын суурь эрсдэл болон компанийн орлогын чанарыг тогтмол үнэлэн, боломж бүрэлдэх мөчид зорилтот хэмжээгээр идэвхжих явдал юм.
Эцэст нь, зах зээлд амжилттай хөрөнгө оруулах нь бодлогын хүү, балансын хэмжээ, мөнгөний нийлүүлэлт зэрэг макро үзүүлэлтүүдийн чиг өөрчлөгдөх мөчийг системтэй ажиглаж, түүний суурь нөлөөг ойлгон зөв тайлбарлаж чаддаг байхаас шууд хамаарна. Иймд хөрөнгө оруулагчдын гол давуу тал нь давтамж өндөртэй мэдээ мэдээллээс гадна —том зургаар, макро орчны өөрчлөлтийн эргэлтийн цэгийг алдалгүй таних чадвар юм.